Умайн хавдар

Умайн хүзүүний өмөн гэж юу вэ?

Хүний хөхөнцөр вирүс (ХХВ) бэлгийн хавьтлын үед умайн хүзүүний олон давхаргат хавтгай хучуурын суурин давхаргад нэвтрэн орж вирүсийн сүрэг бөөгнөрөл үүсгэн суурьшдаг. Эдгээр вирүсийн нөлөөгөөр хэвийн эсүүд өөрчлөлтөнд орж эсийн гаж хувирал явагдаж хорт хавдар үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Умайн хүзүүний хавдар үүсэхэд Хүний хөхөнцөр вирүс (ХХВ) гол шалтгаан болдгоос гадна:

  • Бэлгийн олон хавьтагчтай байх
  • Бэлгийн харьцаанд хэт эрт насанд орох
  • Тамхи татах зэрэг хорт зуршил
  • Хоол хүнсэнд жимс ногоо бага хэрэглэх
  • Ариун цэврийг сахихгүй, бэлгэвч хэрэглэхгүй байх.
 

Умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдахгүй байх зэрэг нь умайн хүзүүний хавдар үүсэх, даамжирах эрсдэлт хүчин зүйл болдог.

Умайн хүзүүний өмөн үүсэхээс сэргийлэх боломжтой юу!

Умайн хүзүүний өмөн нь урьдчилан сэргийлэх боломжтой ба эрт үе шатандаа төгс эмчиллэгддэг хавдар юм. Сэргийлэх боломжууд:

  • Бэлгийн тогтвортой харилцагчтай байх (эхнэр, нөхөр)
  • Бэлгийн үйл ажиллагааг хэт эрт (нас) эхлэхгүй байх.
  • Бэлгэвч (хамгаалах арга) хэрэглэх
  • Бэлгийн ариун ёс журам, ариун цэврийг сахих
  • Тамхи татах зэрэг хорт зуршлаас татгалзах
  • Хоол хүнсэндээ жимс, ногоо ахиу хэрэглэх
  • Умайн хүзүүний хавдар эрт илрүүлэх шинжилгээнд давтамжийн дагуу хамрагдах
Умайн хүзүүний өмөнг эрт илрүүлэх аргууд

Манай оронд хоёр төрлийн аргыг хэрэглэдэг. Та аль нэгийг нь сонгож болно.

  • Харж оношлох буюу цууны хүчлийн арга.
  • Эс судлалын шинжилгээ буюу "ПАП" наацийн арга.
 

Цууны хүчлийн арга гэж юу вэ? 

Умайн хүзүүнд 3-5%-ийн цууны хүчил түрхэн умайн хүзүү болон умайн хүзүүний сувагт гарч байгаа өөрчлөлтийг энгийн нүдээр харж илрүүлэх арга юм. 

"ПАП" шинжилгээ гэж юу вэ?

Энэхүү шинжилгээ нь умайн хүзүүнээс арчдас авч эсийн хэвийн ба хэвийн бус байгаа эсэхийг богино хугацаанд шалгадаг энгийн сорил.

Умайн хүзүүний өмөнгийн эрт үед доорх шинжүүд илрэх тул эмчид яаралтай хандаарай.
  • Бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гарах.
  • Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах.
  • Үтрээнээс мөчлөгт бусаар цус алдах
Эмэгтэй та

Эмэгтэйчүүдийн эмчид хандаж умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнд 2-3 жил тутамд хамрагдсанаараа умайн хүзүүний хорт хавдраас өөрийгөө 100% сэргийлж чадна. 35-аас дээш насны эмэгтэйчүүд 3 жилд нэг удаа цууны хүчлийн арга эсвэл "ПAП" наацийн шинжилгээнд хамрагдаж байгаарай. Сарын тэмдэг зогссон эмэгтэйчүүд умайн хүзүний хавдар эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдах шаардлагагүй гэж үздэг нь буруу ойлголт юм.

Шинжилгээг үнэн зөв гаргахын тулд хувь хүнээс дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд:
  • Сарын тэмдэг ирж байх үед аль болох тест өгөхгүй байх
  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орж болохгүй
  • Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орж болохгүй.
  • Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө тампон, жирэмснээс сэргийлэх эм мөн эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэж болохгүй.
 

Өндгөвчний өмөнтэй болох нь оношлогдвол яах вэ?

Та өндгөвчний өмөнтэй болохоо гэнэт мэдээд айж, санаа зовнин сэтгэлээр унаж, эргэлзэх сэтгэл төрсөн байх. Энэ нь хэвийн үзэгдэл. Ийм үед эмч нартай, гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгээ өөрийнхөө эмчилгээний талаар ярилцах нь чухал юм. Өөрийнхөө олж мэдье гэж бодсон бүх мэдээллийг цуглуулж ав. Энэ нь цаашид өөрийн эмчилгээний талаар гаргах шийдвэрт тань нөлөө үзүүлнэ. 

Австралийн эмэгтэйчүүдийн дунд өндгөвчний өмөн нь 9-р байрыг эзэлдэг бөгөөд жилд дунджаар 1200 дээш эмэгтэйд уг өвчин шинээр оношлогддог. Өндгөвчний өмөнгийн үед илрэх шинж тэмдгүүд бага, бусад түгээмэл тохиолдох өндгөвчний эмгэгүүдийн үед гарах шинжүүдтэй андуурагддаг учир оношлогооны хувьд хүндрэл тохиолддог.

Өндгөвчний өмөнг яаж эмчлэх вэ?

Та эмчилгээ, сувилгаандаа олон тооны эмч мэргэжилтнүүдийг оролцуулж болно. Эмчилгээний цар хүрээ нь хавдрын үе шат, таны биеийн ерөнхий байдлаас хамааран янз бүр байж болно. Гэвч бүх төрлийн эмчилгээ нь өөрийн гэсэн гаж нөлөөтэй байх бөгөөд түүний эсрэг авах арга хэмжээ нь тодорхой байдаг. Ийм учраас  тохиолдож болох гаж нөлөөнүүдийн талаар эмчээс зөвлөгөө авч таатай байдлаар шийдэх тухай зөвшилцөх хэрэгтэй.      

Мэс заслын эмчилгээ нь өнгөвчний өмөнгийн үед хийгдэх нэн тэргүүний эмчилгээ юм. Мэс заслын эмчилгээ нь онош тодруулах, хавдрын үсэрхийлэл ямар түвшинд байгааг тогтоохоос гадна хавдрыг боломжийн хэмжээгээр авах зорилгоор хийгддэг. Улмаар хими, туяа эмчилгээ хийхэд үр дүн сайтай болдог.
    
Хими эмчилгээнд хавдрын эсийг устгах, өсөлтийг удаашруулах, зогсоох үйлдэл бүхий хавсарсан эмүүдийг хэрэглэдэг. Зарим эмэгтэйчүүдэд хими эмчилгээг хавдрын дахилтыг бууруулах зорилгоор хийдэг. 

Өндгөвчний хавдрын үед хими эмчилгээг хийхдээ таны судсанд дусаах байдлаар хийнэ. Таныг эмчилж буй эмэгтэйчүүдийн эмч, хавдар судлаач эмч нар танд хийх гэж буй эм тарианы талаар тайлбарлаж өгөх болно. Үүнд уг эмчилгээний гаж нөлөө, хир удаан хийгдэх талаар, мөн хаана эмчилгээгээ хийлгэх тухай эмч зөвлөх болно.

Туяа эмчилгээний үед рентген туяагаар хавдрын эсийн өсөлтийг зогсоодог. Өндгөвчний хавдартай эмэгтэйчүүдийн цөөн хувьд нь туяа эмчилгээ хийдэг. Танд туяа  эмчилгээ хийх заалттай байсан хэдий ч уг эмчилгээг хийх эсэхийг таныг эмчилж буй эмч мэргэжилтнүүд шийднэ. Туяа эмчилгээ нь хавдрын хэмжээг жижигрүүлэх, өвдөлтийг намдаах, бусад таагүй мэдрэмжүүдийг арилгана.    

Хоол эмчилгээ буюу бие махбодид зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь хийгдэж буй эмчилгээний төрөлтэй уялдан эдгэрэлэнд нөлөө үзүүлэхүйц байх ёстой. Хоол эмчилгээний талаар эмчлэгч эмч болон хоол судлаач эмчтэй ярилцах нь зүйтэй.
Хөдөлгөөнт дасгал хийх нь хавдрын эдгэрэлтэд сайнаар нөлөөлнө. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь таатай нөлөө үзүүлэх бөгөөд биеийн жин алдахаас сэргийлдэг нь судалгаагаар нотлогдсон байна. Энэ талаар эмчлэгч эмчээсээ зөвлөгөө аваарай. 

Бие болон сэтгэлзүйн таатай байдлын талаар ямар байх вэ?

  • Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс сэтгэл санааны дэмжлэг хүсэхээс бүү татгалзаарай
  • Хавдартай тэмцэх багтай хамтраарай
  • Шаардлагагүй зөвлөгөө, “аймшигт түүх”-ийг сонсохгүй байхыг хичээгээрэй
  • Өдөр бүр өөрөөр амьдар.
 

Хавдрын эсрэг цогц эмчилгээ нь эмнэлзүйн эмчилгээ байхаас гадна зарим талаараа өвдөлтийг  намдааж амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Гэхдээ энэ нь хавдрыг бүрэн эдгээх, хавдраас урьдчилан сэргийлэх баталгаа болж чадахгүй. Зарим төрлийн эмчилгээнүүдийн дүнд үүсэх гаж нөлөө бүрэн судлагдаагүй байдаг төдийгүй бусад эмчилгээндээ сөрөг нөлөө үзүүлж болдогоос гадна өндөр өртөгтэй байж болно.

Хавдраас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө

Хавдрыг эрт үед нь илрүүлэх нь эмчлэгдэх хамгийн том боломж юм.   
Үүнд:

  • Хавдах, хөндүүрлэх, шархлах нь удаан хугацаанд үргэлжлэх
  • Таны хөхөнд урьд өмнө байгаагүй өөрчлөлтүүд илрэх- хавдар, хатуурах, загатнах, гэнэт хатгуулж өвдөөд болих, хэлбэр нь өөрчлөгдөх, өнгө нь хувирч өвдөлт мэдрэгдэх
  • Удаан хугацагаар ханиалгах, цустай ханиах, хоолой сэрвэгнэх.
  • Шалтгаангүйгээр биеийн жин буурах
  • Ямар нэгэн байдлаар цус алдах, сарын тэмдгийн мөчлөг хооронд үтрээгээр цус гарах
  • Янз бүрийн хэлбэр, хэмжээ, дүрс бүхий тууралт гарах, арьсан дээр эдгэрэлт удаантай үрэвсэл явагдах
  • Өтгөн цустай гарах
  • Удаан хугацаанд шээс ойрхон хүрэх
  • Хэвлийгээр удаан хугацаагаар өвдөх
 

Эдгээр шинж тэмдгүүд илрэх нь таны эрүүл мэндэд ноцтой хүндрэл илэрч болохын илрэл юм. Хэрэв танд дээрх зовиурууд илэрсэн бол та эмчид хандаарай. 

Хөхний өмөнг эрт илрүүлэх нь.

Австралийн үнэ төлбөргүй маммограмд 2 жилт нэг удаа хамрагдана уу.    
Маммограмд тогтмол хамрагдсанаар хөхний өмөнгийн улмаас нас бардаг байсан 35%-ийн үзүүлэлтийг бууруулж чадна. Маммограмаар янз бүрийн эмгэг шинж тэмдэг илрээгүй байх үед нь хөхний өмөнг илрүүлж болно.   

 

Австралийн хөхний өмөнгийн скрининг хөтөлбөр нь 40-өөс дээш насны, тухайлбал 50-69 насны эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулдаг.

Умайн хүзүүний эсийн шинжилгээг тогтмол өгөх 

Умайн хүзүүний эсийн шинжилгээг 18-аас дээш насанд, бэлгийн идэвхитэй амьдралтай болсноос хойш 2 жил тутамд өгч байх. Уг шинжилгээгээр умайн хүзүүний эсийн өөрчлөлтийг эрт шатанд нь илрүүлснээр хавдар үүсэхээс өмнө эмчилгээ хийж болно. Умайн хүзүүний өмөнгийн 90 хүртэлх хувийг эсийн шинжилгээний тусламжтай урьдчилан сэргийлж болно.

Австрали улсад умайн хүзүүний өмөнг үүсгэгч HPV –ийн эсрэг вакцинжуулалтыг хийж байна. Гэвч нийт эмэгтэйчүүдийн зөвхөн 23 нь урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдаж байгаа бөгөөд эдгээр эмэгтэйчүүд нь цаашид умайн хүзүүний эсийн шинжилгээнд тогтмол хамрагдаж
байх шаардлагатай байна.  

Өндгөвчний, умайн, умайн салстын, бэлгийн уруулын хавдрын скрининг хөтөлбөр одоогоор хэрэгжээгүй байна. Эдгээр хавдрууд харьцангуй цөөн тохиолддог. Танд ямар нэгэн эмгэг зовиур илэрвэл эмчид хандаарай. 

Бүдүүн гэдэсний хавдрын тухай. 

Бүдүүн гэдэсний өмөнг эрт оношлох явдал нь цаашдын эмчилгээ үр дүнтэй болход нөлөөлнө. Бүдүүн гэдэсний өмөнгөөр өвдөх эрсдэл нь таны настай холбоотой нэмэгддэг. Хэрэв та 50-иас дээш настай бол 2 жил тутамд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай.

Мөн та өөрийгөө бүдүүн гэдэсний өмөнгөөр өвдөх эрсдэлт бүлгийн хүн гэдгээ хэдий нь мэддэж байгаа бол таныг хянаж байгаа эмч тогтмолүзлэгт хамрагдаж байхыг сануулж байх болно. Бүдүүн гэдэсний өмөнгийн үндэсний хөтөлбөр 2006 оноос хэрэгжижи эхэлсэн. Уг хөтөлбөрийн дагуу цусан дахь эмгэг мутацийг илрүүлэх болно. 50, 55 болон 65-аас дээш насны шинж тэмдэг илрээгүй байгаа хүмүүсийг шинжилгээнд хамруулна.

 

Амьдралын хэв маягаа өөрчил

Өдөр бүр идэвхитэй хөдөлгөөнтэй байж, эрүүл хооллолтыг чухалчилан биеийн жингээ тогтвортой байлгаснаар та хавдар үүсэх эрсдлийг бууруулж чадна. Дээрх тохиолдолд хавдрын тохиолдлыг 30 хүртэлх хувиар бууруулж чадна.

Хавдар үүсэх эрсдлийг хэрхэн бууруулах вэ? 
 

  • Тамхи татахаа зогсоо – Австрали эрэгтэйчүүдийн нас  баралтын тэргүүлэх шалтгаан нь уушгины өмөн юм. 
  • Нарны туяанаас хамгаал – Өөрийгөө нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалж хэт шарлагаас сэргийл 
  • Биеийн жингээ барь – Биеийн жингээ хэвийн байлгахад анхаар
  • Хөдөлгөөнийг эрхэмлэ – Өдөр бүр дор хаяж 30 хором идэвхитэй хөдөлгөөн хий
  • Эрүүл мэндийнхээ төлөө хоолло – Жимс, хүнсний ногоогоор баялаг хоол хүнс сонгон хэрэглэж махан хоолыг бага хэрэглэх 
  • Архинаас татгалз – Өөртөө архигүй өдрийг бий болгож алкогольгүй ундааг хэрэглэж занших