Статистик

Өнөөгийн байдал  

Дэлхийд хорт хавдрын улмаас жилд 10 сая хүн нас барж зохих арга хэмжээг авахгүй бол дараагийн 10 жилд 84 сая хүн хорт хавдрын улмаас нас барна гэж ДЭМБ тооцоолжээ. Эдгээрийн 70% нь хорт хавдрын урьдчилан сэргийлэлт ба эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлдэггүй ядуу  улс оронд тохиолддог. Дэлхийд эрэгтэйчүүд уушиг, ходоодны хавдраар, эмэгтэйчүүд хөх, умайн хүзүүний хавдраар зонхилон өвчилдөг.

Монгол улсад хорт хавдрын өвчлөл өсөн нэмэгдэж зүрх судасны өвчний дараа хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. 2000 онд 100,000 хүн амд ногдох хорт хавдрын өвчлөл 289.7, нас баралт 92.3 байсан бол 2008 онд 418.3 ба 114 болж өсөв. 2004 онд хорт хавдар өвчний шинэ тохиолдол 3381 тохиолдож байсан бол 2008 онд 4267 бүртгэгдэж жилд тохиолдох хорт хавдрын тоо 21% -иар өсчээ. Хорт хавдар нь ажил амьдралын туршлага сууж, ид хөдөлмөрлөх 40-55 насныханд илүү тохиолдож байгаа юм.  Эрэгтэйчүүдийн дотор тохиолдож байгаа нийт хавдрын 40.2% нь элэг, 19.2%-нь ходоод, 13% -нь уушигны хавдар, эмэгтэйчүүдийн дотор тохиолдож байгаа хавдрын 32.1%-нь элэгний, 19.6%-нь умайн хүзүү, 10.7%-нь ходоодны хавдар эзэлж байна.  

Шинээр оношлогдож байгаа хорт хавдрын 73-80 хувь нь эмчлэгдэх боломжгүй III, IV үедээ хожуу оношлогдон тэдгээрийн 60 гаруй хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж байна.  

2009 онд ХСҮТ-д 72007 өвчтөн амбулатороор үйлчлүүлж, 6660 өвчтөн хэвтэж эмчлүүлсэнээс 1635 өвчтөн хавдрын улмаас мэс засал, 702 хүн хөнгөвчлөх эмчилгээнд хамрагджээ. Эдгээр үзүүлэлтүүд нь 2000 оны түвшнээс нэг гаруй дахин өсчээ. Энэ нь ХСҮТ-ийн үйл ажиллагааны ачаалалыг эрс нэмэгдүүлж байгаа юм.  

2000-2008 оны дунджаар Монголд зонхилон тохиолдох хорт хавдрын 8% -ийг умайн хүзүүний, 2% -ийг хөхний хорт хавдар,  эмэгтэй хүйсэнд зонхилон тохиолдох хорт хавдрын 16 хувийг умайн хүзүүний, 5 хувийг хөхний хорт хавдар  тус тус эзэлж байна.  

2000 оны өвчлөл, нас баралтыг 2008 онтой харьцуулахад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшин 6.6 байснаа 2 дахин буюу 15.6, нас баралтын түвшин 3.4 байснаа 4.0 болж нэмэгджээ. Хөхний хорт хавдрын өвчлөлийн түвшин 2.5-3.5, нас баралтын түвшин 0.8-1.3 болтлоо тус тус нэмэгдсэн байна.

Өнөөдөр дэлхий дахинд жил бүр 500,000 орчим хүн умайн хүзүүний хорт хавдраар шинээр өвчилж тэдгээрийн талаас илүү хувь буюу 274000 хүн нас барж байна. Хөгжиж буй орнуудын ихэнх нь умайн хүзүүний хорт хавдрыг хүн амын дунд илрүүлэх хөтөлбөргүй байгаагийн нэг нь манай улс юм. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг хүний папилома вирусын эсрэг вакцин гарсан ба түүгээр өсвөр насны охидыг вакцинжуулбал уг хавдрыг 70%-иар бууруулах боломж байгаа боловч үнэ ихтэй учир бэрхшээл учирсаар байна.  

Монгол улсад умайн хүзүүний хорт хавдраар жил бүр 300-400 эмэгтэй өвчилж байгаа бөгөөд тэдгээрийн 80% гаруй нь II үеэс дээш хожуу үедээ оношлогдож байна. Энэ нь уг өвчин хэрхэн үүсдэг, эрт илрэх шинж, эмчид эрүүл мэндээ тогтмол хянуулж байх талаарх хүн амын мэдлэг мэдлэг хангалтгүй, эмнэлгийн тусламжийн хүртээмж хангалтгүй байгаатай холбоотой.    

Монгол улсын 3 аймгийн 2009 эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар цууны хүчилийн сорилын мэдрэг байдал нь 82.9% өвөрмөгц байдал нь: 88.6% байхад Папын наацынх 88.6%: 98.5%. (Г. Байгал, Елит Лаури,  2004) байжээ. Цууны хүчлийн сорилын үнэ дунджаар 2000 төгрөг хүн амын илрүүлэг үзлэгт хэрэглэхэд хямд, хялбар, хариу нь тэр дороо гарах боломжтой арга юм. Харин Пап шинжилгээний үнэ дунджаар 10,000 төгрөг бөгөөд эс судлаач мэргэжлийн эмч, лаборант, лабораторитой байхаас гадна дээд шатны шаардлагатай болдог.