Сангийн төлөвлөгөө, тайлан

“Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сангийн 2 жилийн хугацаанд  хийсэн ажлын тайлан    

         “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сангийн үндсэн зорилго нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оношлогоо эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, оношлогоо эмчилгээний дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, түүнчлэн Хавдартай тэмцэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан иргэд, ААНБ-ыг алдаршуулах арга хэмжээг санаачлан, зохион байгуулах явдал билээ.      

      Эдгээр ажлын хүрээнд ЧЭМН-д  24 сая төгрөгийн санхүүжилт бүхий 5 ортой  загвар палат, Хавдар Судлалын Үндэсний Төвд 22 сая төгрөгийн тоног төхөөрөмж бүхий хөнгөвчлөх эмчилгээний 4 палатыг  тус тус  стандартын дагуу байгуулан, хүлээлгэн өгөв. Чингэлтэй дүүрэг нь нийт 150000 хүн амтай бөгөөд үүнээс 600 гаруй хүнд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ шаардлагатай юм байна. Палатыг 2010 оны 12 дугаар сарын 25-нд ашиглалтанд оруулсан ба одоогоор  150 гаруй өвчтөнд тусламж үзүүлээд байна.  

       Хавдар судлалын Үндэсний Төвийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт 1 сая 200 мянган төгрөгийн үнэ бүхий  нэн шаардлагатай  багажийг хандивлалаа.Тус тасаг нь улсын хэмжээний эмэгтэйчүүдийн хавдрын өвөрмөц эмчилгээг хийдэг бөгөөд жилд 700 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлдэг. Үүнээс 600 орчим өвчтөнд мэс заслын эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлдэг.

    Хавдар судлалын салбарын эмч, мэргэжилтнүүдийн үндэсний чадавхийг дээшлүүлэх зорилгоор дотоодын сургалтанд 48, гадаад  оронд шинэ ур чадвар эзэмшүүлэх сургалтанд 18, нийт 66 хүнийг сургалтанд хамруулж, 6 удаагийн сургалтыг  санхүүжүүлсэн байна.  Үүнд:

  • Хавдар Судлалын Үндэсний төвд  хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр  1 сарын сургалтанд 7 мэргэжилтэн  /2010. VIII/1-IX/1/
  • Улаанбаатар хотод “Эмэгтэйчүүдийн байрлалын хорт хавдрын оношлогоо, эмчилгээ”  сэдэвт  2 өдрийн үндэсний семинарт 41 их эмч, /2011. II/19-20/
  • БНСУ-ын Конкукийн Их сургуулийн Төв эмнэлэгт “Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ” сэдэвт туршлага солилцох 7 хоногийн хөтөлбөрт сургалтанд 9 мэргэжилтэн /2010. XII/13-20/
  • Гонконг дахь Бээжингийн их сургуульд “Дурангийн болон хэт авиан оношлогоо” сэдэвт  1 сарын хөтөлбөрт сургалтанд 3 ээлжээр 3 их эмч /2010/ XII/3-2011/I/3/ , /2011/II/17-III/15/ /2011/IX15-X/15/
  • Япон улсын Токио хотын Гемодиализийн Төвд  21 хоногийн дадлагажих сургалтанд 4 мэргэжилтэн, 2011/IV/9-30/
  • Швейцарь улсад “Эмэгтэйчүүдийн байрлалын хорт хавдрын дурангийн аргын оношлогоо, эмчилгээ”  сэдэвт 1 сарын сургалтанд 1 эмчийг /2010/10/5-11/5/ тус тус санхүүжүүлэн суралцууллаа.

     Сангийн гадаад харилцаа өргөжин, БНСУ-ын Тэжон хотын Чуннам эмнэлэгт зүрхний хавсарсан гажигтай,4 сартай Ц.Нандин-Эрдэнэ, өнчин тархины хавдартай 21 настай С.Бат-Эрдэнэ, Конкукийн Их Сургуулийн Хавдрын Төвд  хөхний хорт хавдартай 38 настай Б.Бямбарагчааг тус тус үнэ төлбөргүй мэс заслын эмчилгээнд хамрууллаа. Мөн БНСУ-ын Эвагийн Эмэгтэйчүүдийн Их сургуулийн Хавдрын Төвийн захирал доктор Нам Сун Пейкээр ахлуулсан эмч нарын багтай хамтран, Төв аймгийн Аргалант сумын 154 иргэнд, ХСҮТ-ийн эмч нартай хамтран ЧД-ийн 35-аас дээш насны 100 эмэгтэйд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үнэ төлбөргүй үзлэгийг тус тус  зохион байгуулав. Япон улсын “Токушукай” групптэй хамтран ажиллаж, Улсын Клиникийн Төв Эмнэлгийн Гемодиализийн төвд 250 гаруй сая төгрөгийн өртөг бүхий 10 ширхэг цус шүүх аппаратыг дагалдах хэрэгслэлийн хамтаар хандивлалаа.

     Хорт хавдартай тэмцэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан байгууллага, ТББ, иргэдийг дэмжих, алдаршуулах арга хэмжээг санаачлан зохион байгуулах ажлын хүрээнд Монголын Хөнгөвчлөх Эмчилгээний Нийгэмлэгийг дэмжин ажиллаж, тус нийгэмлэгийн 10 жилийн ойн арга хэмжээнд зориулагдсан , нийтэд зориулсан  сурталчилгааны материалуудыг сангаас санхүүжүүлэн хэвлүүлэв.  

       Энэ онд “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний сан, Монголын Хөнгөвчлөх эмчилгээний Нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотын 9 дүүргийн 134 өрхийн 200 өрхийн эмч нарт “Хөнгөвчлөх эмчилгээ” сэдэвт сургалтыг явуулах бөгөөд энэ нь сар бүр зохион байгуулагдах юм.      

       Учир нь Монгол Улсад жилд хорт  хавдрын шалтгаанаар 3000 өвчтөн, хавдрын бус шалтгаанаар 6000 орчим өвчтөн хөнгөвчлөх тусламж үйлчилгээг авах  хэрэгцээтэй байна. Ийм учраас хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн хуулийн дагуу анхан шатанд өрхийн эмч нар өвдөлт намдаах морфины жорыг хөнгөлөлттэй үнээр бичих зэрэг нь чухлаар тавигдаж байна. Энэхүү хэрэгцээ шаардлагын дагуу тухайн салбарт ажиллаж буй  эмч нарыг тасралтгүй, богино хугацааны сургалт, ялангуяа өвдөлт намдаах эмчилгээний сургалтанд хамруулах нь чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн сургалтанд СХД-ийн 25 өрхийн эмнэлгийн эмч нар хамрагдлаа.