Нуруу нугасны хавдар
 
Нугасны хавдар нь төв мэдрэлийн тогтоолцооны хавдрын 15%-ийг эзлэнэ. Хавдар нугас болон түүний хальсны хаана байрлаж байгаагаар нь интрамедуляр, экстрамедуляр, тархи нугасны хатуу хальсны гадна (экстрадурал) ба дотор (интрадурал) гэж хуваана. Дээр дурдсан байрлалын хавдрууд дотор үсэрхийлсэн, анхдагч хавдрууд орно.
 
Эмнэлзүй
 
Тухайн өвчтөнд гарах шинж тэмдгүүд нь хавдар нугасны эдтэй хэрхэн ойр, нурууны аль түвшинд байрлаж буйгаас хамаардаг байна. Мөн хавдар нугасны аль талын гадаргууд (урд, хажуу, ар гм) байрлаж, нугасны хальсыг хир гүн дарсан ба эдзүйн бүтэц нь хортой эсэхээс шалтгаалан дараах эмнэлзүйн үе шатыг дамжина. Үүнд:
  1. Өвдөлтийн хам шинж
  2. Нугасны үйл ажиллагааны хэсэгчилсэн алдагдал (Броун-Секарын хам шинж)
  3. Нугасны үйл ажиллагааны бүрэн бус алдагдал 
  4. Нугасны үйл ажиллагааны бүрэн алдагдлын үе гэж хуваана.
 
Оношлогоо 
 
Нугасны хавдрыг цөмийн соронзон долгионы аппаратаар тодосгогч бодистой зураг авч оношлоно. Авсан зурган дээр багана нуруу ба нугасны эдийн бүтэц, харьцаа алдагдсан дүр зураг харагдана. Уг өөрчлөлт нь хавдар байрлах түвшинд илэрнэ.
 
Нугасны хавдрыг мэс заслаар авах нь үндсэн гол эмчилгээний арга бөгөөд хоргүй хавдартай өвчтөнд эмчилгээний үр сайн байна. Харин хортой хавдрыг мэс заслаар бүрэн болон хэсэгчлэн авсны дараа хавдрын эсийн ургалтыг удаашруулах, дахилтаас сэргийлэх зорилгоор туяа эмчилгээг хийнэ.