Зүрхний хавдар

Хүний зүрх хавдраар өвчилдөг үү?  

Зүрхний анхдагч хавдар тун ховор тохиолдох бөгөөд нийт бүх задлан шинжилгээ материалын 0,002-0,05%-д илэрдэг ба 75% нь хоргүй хавдар байдаг [Hudson R., 1995; Sakaribara Sh. et al., 2000].  

Хүний зүрх хавдраар өвчлөх нь ховор байдаг нь түүний булчингийн эд болох миокардын бодисын солилцооны онцлог, зүрхний хөндийгөөр шахагдах цусны урсгал ба тунгалагийн судасны тогтолцооны онцлогтой холбоотой юм.  

Зүрхний хавдрыг бусад эрхтний хавдрын адил дотор нь хортой ба хоргүй хавдар гэж хуваана. Зүрхний хавдруудад миксом, рабдомиом, фибром, липом, лейомиом, тератом зэрэг дараах төрлийн хавдрууд орно.

Жмур В. А., H.Collins., J.Collins нарын судлаачдын судалгаагаар зүрхний миксом хавдар нь дээр дурдсан бусад төрлийн хавдраас илүүтэй тохиолддог болохыг тогтоожээ. Миксом хавдар нь аль ч насны хүмүүст тохиолдох ба 30-60 насны эмэгтэйчүүд 2-3 дахин их өвддөг байна. Зүрхний хавдар нь ихэнх тохиолдолд зүрхний тосгуурт түүнд дундаа зүүн тосгуурт 75%, зүрхний баруун талд 20% байрлана.  

Эмнэлзүйн ямар шинж тэмдгүүд илрэх вэ?

Өвчтөнд гарах шинж тэмдэг нь тухайн хавдрын байрлал, хэмжээнээс их хамаарна. Ихэнх тохиолдолд амьсгаадах, ханиалгах ба цэр цустай гарах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ. Түүнчлэн эмнэлзүйн 5 онцлог шинж гарна. Үүнд:  

  1. Тодорхой шалтгаангүй халуурах (үрэвслийн эсрэг эмийн эмчилгээнд үр дүнгүй байх)
  2. Цусны ерөнхий шинжилгээнд улаан эсийн тунах хурд ихэссэн байх
  3. Турах
  4. Цус багадалтын шинж тэмдэг
  5. Цусан дахь уургийн бүтэц алдагдах зэрэг өөрчлөлтүүд илэрнэ.

 

Ямар шинжилгээгээр оношлох вэ?

Ангиокардиограф буюу тодосгогч бодисын тусламжтайгаар зүрхний хөндийн зургийг рентген аппаратын тусламжтайгаар авах шинжилгээг хийнэ. Орчин үед зүрхний хэт авиан шинжилгээг (эхокардиограф) өргөн ашиглаж байна. Мөн түүнчлэн цээжийг рентген гэрэлд харах, зүрхний цахилгаан бичлэг хийх нь зүрхний үйл ажиллагаанд үнэлэлт өгөхөд тустай.  

Зүрхний хавдрыг хэрхэн эмчлэх үү?

Мэс заслын эмчилгээ нь зүрхний хавдрыг эмчлэх цорын ганц үндсэн төгс эмчилгээ юм.