Хавдар гэж юу вэ?

Хавдар гэж биеийн эсүүдийн өвчнийг хэлнэ. Хүний бие нь маш олон сая жижиг  эсүүдээс бүтдэг. Хүний биед маш олон төрлийн эсүүд байдаг ба тэдгээр олон төрлийн эсүүдээс үүссэн их олон төрлийн хавдрууд байдаг. Бүх төрлийн хавдруудад нэг адил зүйл байдаг нь хавдрын эсүүд нь хэвийн бус бөгөөд хяналтгүйгээр үржиж олширдог шинж юм.

Хортой хавдар гэдэг нь зогсолтгүйгээр үржиж олширч байгаа хавдрын эсээс бүрдсэн эдийн өсөлт буюу бөөгнөрөл юм. Хортой хавдар нь томроод ирэхээрээ зэргэлдээх эд болон ойролцоох эрхтэнлүүгээ түрж урган гэмтээх шалтгаан болдог. Хортой хавдрууд нь биеийн бусад хэсэгрүү үсэрхийлэл өгч тархаж болно.

Хэрвээ тухайн эрхтэнд үүссэн анхдагч хавдраас зарим эс салвал цусны урсгал эсвэл тунгалагын сувагт орон зөөгдөж биеийн бусад хэсэгт очиж тархах замаар дээрх үйл явц явагдана. Эдгээр зөөгдөж ирсэн эсийн жижиг бүлгүүд нь биеийн нэг болон хэд хэдэн газарт өсөж олшрон хоёрдогч (үсэрхийлсэн) хавдрыг үүсгэдэг. Эдгээр хоёрдогчоор үүссэн хавдрууд нь тэндээ өсөж олшрон ойролцоох эдрүү түрж урган гэмтээх төдийгүй дахин өөр хэсэгт үсэрхийлэл өгдөг. Зарим хорт хавдрууд бусдаас илүү хүнд хэцүү байдаг бол зарим хавдрууд бусад хавдраас илүү амархан эмчлэгддэг (ялангуяа хэрвээ эрт үедээ оношлогдсон бол), зарим нь бусадтай харьцуулахад цаашдын тавилан сайн байдаг.

Тэгэхээр хавдар нь зөвхөн ганцхан төрлийн эмгэг биш юм. Тохиолдол бүрт яг ямар төрлийн хавдар үүссэн, хэр зэрэг томорсон, үсэрхийлсэн эсэхийг тодорхой мэдэж байх ёстой. Энэ нь эмчилгээ болоод цаашдын тавилангын талаар үнэн бодитой мэдээллийг олж авах боломжийг олгоно.